Help - Search - Members - Calendar
Full Version: sonin niitlel zowhon oortoo zoriulaw :D
Asia Finest Discussion Forum > Asian Culture > Mongolian Chat > Mongolian Serious Talk
YouAgain


Бидний ерээд онд мандуулсан гэх утга зохиол хэзээ сэрэх нь мэдэгдэхгүй унтчихлаа. Яаж сэрээхээ мэдэхгүй мандаж байна гээд яваад байгаа улсыг бүр яалтай ч билээ. Монголын утга зохиолын хөгжлийн үе 1960-70 он байв. Энэ л он жилүүдэд cop болсон бүтээлүүдийг манай уран бүтээлчид туурвисан нь өнөөдөр ч шинэ хэвээрээ байгаа нь утга уянгын уран зохиол хэзээ ч хуучирдагтүйг харуулж буй хэрэг. Нийгэм шилжих ерээд онд Г.Аюурзана, Б.Галсансүх гээд тухайн үедээ хэл устай хэдэн гайгүй шиг залуучууд манай утга зохиолын төлөө шинэчлэл хийлээ гээд л шуугиж байв даа. Тэд Өрнөдөд мандаад унтарсан урсгалыг Монголдоо мандуулж эхлэв. Өнгөрсөн үеэ үгүйсгэв. Г.Аюурзана сонин хэвлэлээр Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж юу ч биш, ардын ерөөлч, Б.Явуухулан яруу найрагч биш гэж ард түмний хайртай уран бүтээлчдийг турхирав. Тэр бүү хэл дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх говийн догшин хутагт Данзанравжааг яруу найрагч биш мэтээр бичиж, хариуд нь Д.Пүрэвдорж утга зохиолын алтан үеийг өмгөөлж сонин хэвлэлээр босоод өнөөх годгор бандийн нэрийг Монгол даяар мандуулж орхив. Нийгэмд төрөл бүрийн зүйл үүсч байхад манай утга зохиолынхон ийнхүү гэдэс гэдсэндээ хөлөө хийгээд амжлаа. Ингэлээ гээд өнөөх утга зохиол нь мандсангүй дээ. Б.Галсансүх найрагч Монголын “Модернист командлагч” хэмээн өөрийгөө тунхаглаад хэсэг залуусыг хойноосоо дагуулж, түүнийг нь утга зохиол судлаач Д.Галбаатар дэмжиж, МУИС дээр “Хүрээ хөвгүүд” хэмээх утга зохиолын дугуйланг байгуулж байсан цаг саяхан. “Хүрээ хөвгүүд”-ийн бүтээгдэхүүн өдгөө утга зохиол судлаач, зохиолч П.Батхуяг, Д.Ган-Очир гэсэн залуус уран бүтээлээ туурвиж явна. Д.Пүрэвдоржийг яруу найрагч биш гэлээ гээд ард түмэн түүнийг орхисонгүй. Харин ч улам унших болсон биз ээ. Харин өнөөх Б.Галсансүх, Г.Аюурзана нар маань өдгөө өнөөх амлалтаасаа буцжээ. Жинхэнэ модернист уран зохиол бол “Монголын нууц товчоо” гэх мэтээр уламжлал руугаа ирлээ. Нөгөө талаар П.Аюурзана, Өлзийтөгс нар хамтран Монголын сонгомол яруу найраг болон үргэлжилсэн үгийн зохиолуудыг эмхтгээд ном хэвлэсэн нь өөрсдийнхөө ярьж байсан зүйлээс буцсан үйлдэл юм. Үнэхээр бидний хөгжүүлэх гээд байгаа модернист уран зохиол ийнхүү манайд найман зууны тэртээ бичигджээ. Түүнд гарч байгаа дүр хийгээд уран дүрслэл бүгд хийсвэр сэтгэлгээний зүйл байдгийг бид мэднэ. “Духан дээрээ ганц нүдтэй Дува сохор гурван нүүдлийн газрыг харах бөлгөө” гэх ч юм уу. “Өэлүн эх сүү ихтэй байсан хийгээд суухдаа хоёр хөхөө өвдгөн дээрээ тавих”, “Түүний агнасан шувууны өд баруун хойноосоо салхитай үед будрах” гэх мэт уран зохиолын хэтрүүлэгт дүрслэл нь бүгд хийсвэр сэтгэлгээ юм. Б.Галсансүхийн шүлгүүд уламжлал руугаа ирлээ. Эд баахан залуусыг хойноосоо дагуулчихаад төөрүүлж орхисон “нүгэлтнүүд”. Хойноос нь дагаад хошуурч байсан нөхөд өнөөх модернист уран зохиол гэдэгтээ чин үнэнчээр зүтгэсээр. Тэд үнэндээ модернист урлаг гэдэг юу байдгийг мэдэхгүй гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Энэ мэт улс л намайг 100 жилийн дараа ойлгоно гэх мэт зүйлсийг ярьсаар яваад дууслаа. Ардчилсан чөлөөт нийгэмд урлаг, утга зохиолын ямар ч урсгал чиг хандлага байж болох, гагцхүү түүнийгээ ойлгож мэдэрч зөвөөр хөгжүүлэх л чухал болохоос биш бидэн шиг мухраар дагадаггүй юм. Дэлхийн улс орнуудад утга зохиол, урлагт төрөл бүрийн урсгал чиг хандлага бий болоод өөр өөрийн шинжийг агуулан хөгжсөөр ирсэн түүхтэй. Зарим нь ч мартагдах тал бий. Харин тэр мартагдаж, утга зохиолын түүхэнд нэр төдийхөн үлдсэн урсгал чиглэл манайд ирдэг бололтой. “Моод Монголоор дуусна” гэдэг оргүй үг биш бололтой. Модернист хэмээгч нь Өрнөдөд реализм буюу бодит байдлын эсрэг бий болоод үгүй болсон зүйл гэдгийг дэлхийн утга зохиолын түүх хэлж байна. Бэлэг эрхтнээ барьсан зурагтай номыг гаргаж Монгол даяар шуугиж байсан нь Б.Галсансүхэд хэрэг болсон уу гэвэл болсон. Тэр түүний хүчинд л өдий зэрэгтэй орон зайг эзлэн явж ирсэн. Г.Аюурзана Д.Равжаа, Д.Пүрэвдорж, Б.Явуухулан нарыг яруу найрагч биш гэж хэлсэндээ хожсон уу хожсон. Тэр ингэж дуугарсандаа идэх хоолтойгоо залгасан. Утга зохиол, урлагт этгээд гаж дүр төрх, дуу хоолой нь өөрийг нь бий болгож нийгэмд танилцуулдаг дэлхий нийтийн нэг ийм жишиг байх. Эдгээр залуус биднээс түрүүлж үүнийгээ мэдэрсэндээ ч ингэсэн бил үү, хэн мэдлээ. Юутай ч Г.Аюурзанын хувьд дэлхийд данстай Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийг дүүргэсэн манайдаа ховорхон утга зохиолын хүн. Тэгэхээр энэ зэргийн зүйлийг биднээс түрүүлж сэхээрэлгүй дээ. Б.Галсансүхийн хувьд ч тэр, гадаад хэл дээр уран зохиол уншчихдаг манайдаа олон байхгүй нөхөр. Ийм байна гэдэг биднээс түрүүлж юм уу, бидний мэдээгүйг түрүүлж мэдэрсэндээ байгаа юм. Гагцхүү тэднийг дуурайгчдыг л өрөвдөх юм. Анх ийн гарч ирж байсан залуус өнөөдөр утга зохиол гээчийн мөн чанар дээр тогтож төвийг сахижээ. Харин өнөөх дуурайгчид маань тэр чигээрээ тэнэгтсээр, Тэд нэгэн өдөр ойлгоод эргээд хартал өнөөх дуурайж, хойноос нь нэхэж явсан хүмүүс аль хэдийнэ өөрсдийн орон зайг эзэлчихсэн хийгээд утга зохиолын мөн чанар дээр зогсч байхад тэд харамсах болно. Эргээд тэднийг дагаад явъя гэтэл нас хийгээд хөл нь гүйцэхээ больсон байна. Нөгөө талаар дараагийн чинь үе гараад ирчихсэн танд орон зай үгүй байна. Үүнийг л ойлгох хэрэгтэй. Та бүгдийг дагуулж, дагуулж орхиод явчихсан тэдгээр улсууд чинь тэнэг биш. Бүгдийг мэдэрсэн улс байхгүй юу. Уран зохиол гэдэг бол сэтгэлээс гарч байгаа мэдрэмж. Тэр л сэтгэлээс гарч байгаа мэдрэмжийг байгалиас заяасан авьяасын тэтгэлгээр уран зохиолын аргаар цааснаа буулгах нь жинхэнэ уран зохиол байдаг болов уу. Тиймдээ ч их зохиолч Д.Намдаг “Авьяас бол эмзэглэл” хэмээсэн биз ээ. Түүнийг бичих гээд шаналаад суудаг ч эд биш байх. Өнөөдөр тэр Америкт, өрнө, дорно хаа ч тэр өнөөх сэтгэлгээний гэх хоосон чанарын урлагаасаа аль хэдийнэ татгалзсан тухай бид бүгд сонсч байна. Гэтэл манайд ид бужигнаж байгааг бодоход инээдтэй. Бид өнөөх л адал явдал, аллага, аймшиг гээд хүний гажууд сэтгэлээс мөнгө олох зорилгоор бүтсэн уран бүтээлийг үзэж уншиж байна. Бидний үзэж байгаа кино бол бүр ч хэцүү. Харин ном унших хүн ховордсон нь зарим талаар хий хоосон орон зайд автахгүй сайн талтай ч юм шиг. Монгол ахуйн уран зохиол, манай язгуурын урлаг гэдэг бол дэлхийд тэргүүлэгч агуу зүйл гэдгийг бид дуулж, үзэж харсаар байгааг мэднэ. Хаа ч орчуулж, хөрвүүлээд өөрийнхөө чанарыг хадгалж үлдэх ийм уран зохиол манайд бий. Үүнийг дэлхийн давцанд гаргахад гагцхүү сайн орчуулга хэрэгтэй гэсэн үг тэнүүчлэх. Орчуулж болдоггүй Монгол үг зөндөө гэх. Энэ юуны хамаа байна вэ. Манай уламжлалт ахуйн шинэлэг сэтгэлгээгээр бичдэг А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж нарын шүлгийг солонгосчууд англи хэл дээр хэвлээд Азид уншигддаг томоохон сэтгүүлд тавьсан нь тус сэтгүүлийн захиалгыг огцом өсгөсөн гэдэг. Энэ нь юуг хэлж байна вэ гэвэл Монголын уламжлалт уран зохиолыг дэлхий нийтээр унших гэж хорхойсч байна. Нөгөө талаар агуу уран зохиол гэдгээ харуулсан явдал. Тэгэхээр баргийн яруу найргийг орчуулдаг л байж таарна. Д.Намдаг, Ч.Лодойдамба, С.Эрдэнэ, Ж.Лхагва, Б.Догмид нарын үргэлжилсэн үгийн зохиол, Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Б.Лхагвасүрэн, Д.Нямсүрэн нарын шүлгүүдийг уншихад дотоод сэтгэлийн ямар нэгэн хэлбэлзлийг авчирдаг. Гуниг хийгээд баяр сэтгэлд сэрхийлгэж байвал тэр уран зохиол гэдгийг бид мэднэ. Гэтэл өнөөдрийн залуусын бичээд байгаа зүйлийг ойлгох юм алга. “Хөлдүү нар”, “Ээждээ дурладаг би”, “Чамайг санахгүй байхаар болохгүй л байх юм” ч гэх шиг утга учиргүй зүйлүүд зөндөө. Харин энэ үед судлаачдын байр суурь нь бас л ганхжээ. Тэнд очоод юу ч ойлгогдохгүй байгаа нөхдийг ойлгохыг хичээн магтаж магтчихаад маргааш нь уламжлалт аргаар бичдэг нэгийг уран зохиол гэдэг ийм бөлгөө гээд зогсч байгаа харагдах юм. Энэ цагт хэвлэгдэж байгаа номуудад хийсэн үнэлгээ бол үнэхээр хэцүү. Хий хоосон магтаал, худал хуурмаг үгс. Тэр яруу найраг биш байхад яагаад доктор хүн түүнийг тэнгэрт тултал магтаж чадаж байна. Манай утга зохиолын нэртэй шүүмжлэгч, нэрт зохиолч яруу найрагчид эдгээр гарч байгаа номуудад өмнөтгөл үг бичсэн байх юм. Эдгээрээс хамгийн багцаатай бичдэг нь Д.Пүрэвдорж, Б.Лхагвасүрэн хоёр байна уу даа гэсэн бодол хэнд ч төрнө. Бусад нь бол өнөөх л бурдгаа бураад л явна. Тэр яагаад уран зохиол биш байхад түүнийг дэлхийд гарчих зохиол гэж хэлж чадаж байна вэ. Үнэндээ өнөөдөр манай уран зохиолд ямар ч судлал, шүүмжлэл алга. Үүнийг Зохиолчдын байгууллагаас ч дэмжиж байгаа юм алга. Улаанбаатарын их сургууль дээр хэсэг залуус уран зохиолын судлал шүүмжлэлийн ажил хийж л байна. Тэдэнд ямар ч зориг зүрх алга. Болохгүй байгааг болохгүй гээд хэлчих зориг дутаж байна. Би түднийг ингээд хэлчихвэл энэ намайг юу гэх бол гэсэн болгоомжлол хийгээд дутуухан боловсрол нь ийнхүү утга зохиолын хөгжилд чөдөр тушаа болж байгаа хэрэг. Энэ үе бол зүгээр л бие биеэ магтан хөөргөж, эргүүлээд өөрийгөө магтуулах гэсэн тийм арга ядсан цаг юм. Хэрэв чи өнөөдөр түүнийг шүүмжлэх юм бол тэр чамаас заавал хариугаа авч шүүмжлэл хүртээнэ. Тэгэхээр өнөөдөр чи түүнийг магтаад маргааш нь өөрөө магтуулах хэрэгтэй гэсэн зарчмаар явж байна даа. Өнөөх ерээд онд гарч ирээд л баахан хөгжил ярьсан Б.Галсансүх, П.Аюурзана нар яасан бэ. Монголын уран зохиолд 1960-70 оных шиг хөгжлийг авчирч чадахгүйгээ. мэдээд бууж өгсөн хэрэг. Тэд зүгээр л утга зохиолын ертөнцөд орж, өөрсдийн байр суурийг эзлэх гэсэн арга заль хэрэглэсэн хэрэг. Би тэдний хийсэн бүтээсэн хийгээд, оюун сэтгэлийг нь дайрч буй хэрэг огт биш. Тиймээс Галсансүх хийгээд Аюурзанатан нар өөрсдийнхөө төөрүүлж орхисон хэсэг залуусыг төөрөгдлөөс нь гаргаж өгөхийг гуйж байна. Тэд чинь та бүгдийг дуурайгаад яваад л байна, тэдний авьяас ч дутна, боловсрол ч дутна. Та нарын төөрүүлж орхисон залуус чинь хий хоосон мөрөөдөөд утга зохиолын нэрийг хөөдсөөр явна. Энэ бол Монголын утга зохиолд учруулж байгаа хор хөнөөл гэж үзэж байна. Хэрэв хор хөнөөл биш бол утга зохиол яагаад хөгжихгүй байгаа хэрэг вэ. Модернист гэдэг утга зохиолын чиг хандлага байж болох хэдий ч мөн чанараараа хөгжихгүй байгаад л хамаг учир оршиж байна. Авьяас дундхан нэг нөхөр шүлэг шиг юм биччихээд намайг ойлгохгүй байна гээд бухимдаад яваад байгаа нь бүр ч хэцүү. Чиний бичсэн зүйлийг нэг ч хүн ойлгохгүй байж болно гэсэн модернист урлагийнхаа мөн чанарыг ойлгоогүй ийм хүмүүс яаж утга зохиолыг хөгжүүлэх билээ. Нэгэнтээ нэрт зохиолч Б.Догмид “Муусайн юмнууд авьяасгүйгээ цайруулах гэж модернист гэж донгосч байгаа юм” хэмээсэн нь бас чиг бодууштай л үг. Гэтэл Галсансүх намайг ойлгохгүй байна гэж хэзээ ч хэлээгүй. Аюурзана хэзээ ч намайг 100 жилийн дараа ойлгоно гэж хэзээ ч хэлээгүй. Тэд чинь өөр өөрийнхөө замаар туурвиад өөрсдийнхөө орон зайг эзэлчихсэн улс. Тэд дээд үеэ үгүйсгэсэн нь нэгэн үеийг гарч ирэхэд нөлөөлсөн. Тиймээс тэдэнд боломжийн орон зайг өгсөн. Тэгээд ч тэд чинь огт ойлгомжгүй зүйлийг бичээд байгаа хэрэг биш. Б.Галсансүх “Болор цом”-ын тайзан дээр шүлгээ уншихад ард түмэн алгаа ташиж байгаа нь үүнийг нотолж буй хэрэг. Г.Аюурзаны орчуулгын ч тэр, өөрийнх нь тэр бичсэн зохиолыг хүмүүс яриад байдаг нь үүнийг нотолж байгаа хэрэг. Хамгийн гол нь өөрсдийнхөө орон зайг бий болгох гэж олон хүний мэдрэл, оюун санаагаар наадсан энэ хоёр нөхөр төөрүүлж орхисон улсаа төөрөгдлөөс гаргаж өгөх өртэй хүмүүс. “Ханилж яваад нөхрөө” гэсэн сайхан үг бий дээ.

С.Ууганбаяр
cocoo
biggthumpup.gif
This is a "lo-fi" version of our main content. To view the full version with more information, formatting and images, please click here.
Invision Power Board © 2001-2008 Invision Power Services, Inc.