1960-аад оны үеэс Баруун Германд “Неофашистууд” хэмээх харгис үзэлтэй залуус гарч ирсэн бөгөөд тэд Адольф Гитлерийг шүтэн биширч, нацист цэргийн загвараар хувцаслан гадаадын иргэдийг тааралдсан газраа айлган сүрдүүлж, зодож дарамталдаг болсон билээ. Гэвч энэ тухай дэлхий дахинд нэг их сүр дуулиан болдоггүй байсан ч 1972 онд Израйлийн гурван иргэнийг зодсоны дараа энэ хэргийн дуулиан Бундестагийн танхимыг хүртэл яаралтай хуралдахад хүргэж байсан.гэдэг. Түүнээс хойш энэ асуудал нэлээд дарагдсан ч хоёр Герман нэгдсэний дараа “Неофашист” залуус хар арьст оюутнууд руу халдах нь үлэмж ихэссэн гэдэг. Тэр ч байтугай тэдний үзэл санаа Польш, Итали, Украйнд хүртэл халдварлаж “Азийн шар царайтнуудыг” үзэн ядах, нутгаасаа хөөх зэрэг үйл явдал нэг үндэстний хэмжээний үзэгдэл болж хувираад байгаа юм. ОХУ-д ч ялгаагүй орос биш үндэстэнг ад үзэх үзэл санаа Баруун Европоос орж ирсэн бөгөөд 1991 оноос эхлэн үсээ хуссан залуус өөрсдийгөө “Мулзан толгойтнууд” буюу Скинхедүүд гэж нэрлэн Москва, Санкт-Петрбургийн гудамжинд гарч ирсэн гэдэг. Алх хадуур бүхий хуучин ЗХУ-ын төрийн далбаагаар ханцуйгаа ороож, цээжин дээрээ В.И.Ленин, И.В.Сталин нарын хөргийг шивсэн 18-25 насны тэдгээр залуусыг анхандаа улс төрийн зорилготой бүлэглэл гэж үзэж байсанюм. 1995оны үеэс Оросын “Мулзан толгойтнууд” гадаадын иргэд рүү ил шулууханхалдажэхэлсэн бөгөөд анхны хохирогч нь Зимбабве улсын иргэн 25 настай залуу байлаа. Тэгвэл энэ явдал өдгөө улам гаарч буйг саяхан Москва хотын мэдээлэл, дүн шинжилгээний “Сова” төвөөс явуулсан судалгаа харуулсан байна. Зөвхөн 2006 оны нэгдүгээр улирлын байдлаар Москва хотод үндсэрхэг үзлээс шалтгаалсан 40 удаагийн гэмт хэрэг гарсан ажээ. Үүнд гадаадын 49 иргэн өртсөн байна. Мөн Санкт-Петрбург хотод гадаадын 13иргэнямарнэгхэмжээгээр хохирол амссан бөгөөд Сенегал улсын нэг оюутан скинхедүүдийн халдлагад өртөж амь насаа алдсан тохиолдол ч гарчээ. ОХУ-ын Дотоод явдлын яамны мэдээллээр тус улсад эдүгээ 130 мянга орчим мулзан толгойтон бүртгэгдсэн аж. Зөвхөн нэг улиралд л гадаадын 92 иргэнд халдаж байгаа тоог “аюулын хэмжээ” гэж үздэг байна. Хойд хөршийн маань залуус ийнхүү яс үндсээр ялган гадуурхах донд автаж харийн цагаачдаас угсаа гарлаа цэвэрлэнэ, Орост зөвхөн орос хүн л эзэн байх ёстой гэсэн үзэл санаанд автаж буй нь ноцтой явдал юм. Хэдхэн хоногийн өмнө гэхэд л Санкт-Петрбург хотын метроны “Московская-Ворота” буудалд Технологи дизайны дээд сургуулийн монгол оюутан Г, Технологийн их сургуулийн Т нар хэн нь тодорхойгүй хэсэг залууст зодуулан нэлээд хүнд бэртэж эмнэлэгт хүргэгдсэн явдал гарсан билээ. Тэдгээр залуус хөл бөмбөгийн “Зенит” клубийн арваад хөгжөөн дэмжигч өөрсдөд нь халдсан гэж мэдүүлсэн боловч үнэн хэрэгтээ “Скинхедүүд” санаатайгаар халдсан нь тодорхой болоод буй юм. Ийм нөхцөл байдал үүссэн учир саяхан Москва дахь ЭСЯ-ны консулын хэлтсийн дарга С.Элбэг Санкт-Петрбургт очиж ажиллаад ирэхдээ зөвхөн дээрхи хоёр оюутнаар зогсохгүй өөр хэд хэдэн монгол оюутныг “мулзан толгойтнууд” заналхийлсэн мэдээлэл байгааг дурдаад хүүхдээ сургуульд явуулсан эцэг эхчүүд үүнийг анхаарч, сэрэмж болгоомжтой байхыг үр хүүхэддээ захиж байхыг анхааруулсан байна. Мөн энэ халдлагатай холбогдуулан Москва дахь манай ЭСЯ Оросын скинхедүүдийн ажиллагааны талаар санамж боловсруулан монгол оюутнуудад хүргүүлжээ. Уг санамжинд бичсэнээр “Мулзан толгойтнууд нь улстөрийн ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй. Зөвхөн шөнө оройн цагаар баар цэнгээний газруудаар холхин явж буй гадаадын иргэдийг “хашраах” зорилгоор хүч хэрэглэдэг залуус юм. Тэдний ажиллагаа нь маш энгийн, ганц нэгээрээ яваа залуус руу гол төлөв нууцаар халддаг. Тиймээс гадаадын иргэд аль болох олон хөлийн газраар сэлгүүцэхгүй байх, явсан ч цагдаагийн хамгаалалт бараадах, хамгийн гол нь ганцаараа хүн амьтангүй газраар тэнэж болохгүй” хэмээн дурджээ. Энэ санамжийн цаана ОХУ-ын хүчний байгууллага ч нуугдаж байгаа мэт санаа цухалзаж буйг уншигчид анзаарсан биз ээ. Мөн ОХУ-ын зарим нэг хэвлэлд “Оросын өнөө үеийн зарим залуус “Татар Монголын дарлалд гурван зуун жил нухлагдсан” гэдэг утгаар ази царайтнуудыг гадуурхах явдал их гарах болсон” гэж бичсэн нь ч анхаарал татаж байгаа юм.
