Ерөнхийлөгч асан П.Очирбат цагаан дээлийнхээ энгэрийг Тамсагийн талаас олгойдсон нефтиэр мялаасны дараахнаас Орос, Хятад хоёрын хооронд газрын тосны наймаа яригдаж, орос, америкууд Дорнодын хязгаарт хийсэн хайгуулынхаа үр дүнд тэнд өөрийн корпораци, компаниудаа ажиллуулж эхэлсэн билээ. Мөн Оросын хэд хэдэн компани хүчээ нэгтгэн Монголд газрын тосны хайгуул хийсэн юм. Тэгээд тэдгээр компаниуд дараа нь тендерт оролцсоноос Сиданко гэгч нийгэмлэг шалгарч манайд ашигтай олон санал тавьсан бөгөөд эдэн дунд Оросын тал хайгуулын ажлынхаа эрсдэлийг бүрэн даана гэсэн хамтарсан үйлдвэр байгуулах санал байлаа. Гэхдээ мэдээж хэрэг тэд эцсийн үр дүндээ хаана хаанаа өндөр ашиг олохыг л эрмэлзэж байлаа, ингэх ч ёстой. Тухайлбал Дорнод дахь нефтийн хамтарсан үйлдвэрт маш их хөрөнгө оруулалт шаардах тул нефтийн цооногийн талбайгаа улам тэлж Матад, Тамсагийнхийг дээр нь нэмж аван нэлээд хүчтэй хөдлөхийг хүссэн юм. Үүнийхээ хариуд Монголын нутгаар Хятад руу нефть дамжуулах хоолой тавих, өндөр хүчдэлийн шугам шинээр байгуулахаа амлаж байлаа. Үүнээс илүү том боломж гэж хаана байх билээ. Манайхаар дамжин өнгөрөх нефтийн хоолойноос гэхэд л жилд хэдэн арван тэрбумын ашиг олж болох байсан юм. Түүнээс гадна өөхөн дэнгээсээ салж чадаагүй бүртэлзэж суугаа манай нэлээд хэдэн аймгийн олон сум гэрэл цахилгаанаар хангагдан, зам харгуй сайжирч, улсын төсөвт маш их мөнгө сул шахуу орж ирэх байв. Гэвч П.Очирбатаас эхлээд Н.Багабанди, Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын томчууд Тамсаг, Матадын талбайгаа оросуудаас харамласнаас Монголоор дамжин өнгөрөх тэрхүү нефтийн хоолой, өндөр хүчдэлийн шугам аль аль нь будаа болсон юм. Яахав, тухайн үед тэдгээр талбайг Америкийн СОКО компани эзэмшиж байсан болохоор эрх ашгийн бага сага зөрчилдөөн үүссэн байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ нэг талаар бага хэмжээний талбайгаас олох ашиг тун шалихгүй гэдгийг тооцож, нөгөөтэйгүүр манай их мэдэгч нарын хүйтэн гар оролцсоноос болж СОКО компани өнгөрсөн оны эхээр өөрийн мэдэлд байсан Тамсаг, Матадын бүх нефтийн талбайгаа хужаа нарын гарт шилжүүлсэн байна. Тэгвэл сүүлийн үед энэ ажлыг зуучилсан гол эзэн нь П.Очирбат тэргүүтэн гэх яриа амьтан хүний чих дэлсэх боллоо. Монголчууд маань уг нь П.Очирбат гуайг хээгүй гүндүүгүй ёстой сайхан хүн гэж ярьж магтдаг. Гэтэл энэ эрхэм эх орны минь газар шороо, эрдэс баялагийг харийнханд найр тавин өгөөд явж буй нь тун гутамшигтай байна.
Ийнхүү түүний “Удахлгүй Монгол улс бензинээ дотооддоо хийдэг болно” хэмээн айлдсан үлгэр нэгэнт жаргажээ. Магадгүй П.Очирбат тухайн үед Тамсагт тийнхүү малилзаж зогсохдоо Монголын нефтийн ихэнх нөөцийг эзэгнээд байгаа Хятадын компаниудтай холбож халаасаа түнтийлгэнэ дээ хэмээн хичнээн жилийн цаадахыг олж хараад бурж байсан ч байж мэдэх юм. Түүний “хамсаатан” хятад ахан дүүс нь өнөөдөр манай бүх түүхий нефтийг маш хямд үнээр зөөж дуусгах гэж орсуудтай уралдаж байгаа ба үндсэндээ одоогоор орд нь судлагдсан, цооногоо өрөмдөөд гаргачихсан Монголын бараг бүх нефтийн талбай хятадуудын мэдэлд очоод байгаагаас үүнийг баттай ойлгож болох юм. Зөвхөн Дорноговь аймагт гэхэд л Австралийн нефтийн компаний эзэмшилд байсан хэдэн цооногийг бүхэлд нь хятадууд авчээ. Тэнд хужаагийн “Доншен” гэдэг компани ажиллаж байгаа бөгөөд сүүлийн үед энэ компани Дорноговийн нефтийн бусад бүх нөөцийг хяналтандаа оруулаад байгаа гэнэ. Хятадууд Матад, Тамсаг, Дорноговийн нефтийг зөвхөн түүхийгээр тээвэрлээд л байвал ойрын хэдэн жилдээ 50 сая гаруй үгээгүй ядуусаа өлхөн тэтгэчихээр мөнгө хуримтлуулаад авна. Тиймээс тэд манайд боловсруулах үйлдвэр байгуулахыг хэзээ ч сонирхохгүй билээ.