Далайн аяллын хурдны дээд амжилтыг Шотландын эргээс усанд хаясан хуванцар лонх эвдсэн тухай “Индепендэнт” мэдээлэв.
Лонх 20 мянган миль газрыг 47 өдөр туулжээ. Лонхон дотор хийсэн бичгийг Келли Рид хэмээх зургаан настай охин үйлдсэн агаад тухайн үед Мори-Фертийн булан хавийн Шотландын эрэгт өвөө, эмээгийн хамт амарч байсан юм байна.
Келли лонхыг нь Норвегийн эргээс олно байх хэмээн хүлээж байтал Шинэ Зеландаас өөрийнх үеийн Жеймс Уильсон гэдэг хөвгүүн захидал ирүүлсэнд багагүй гайхсан гэнэ. Жеймс лонхыг олсон аж.
Орчин үеийн хурдан хөлөг онгоц Шотландаас Шинэ Зеланд хүртэлх зайг 40 өдөр туулдаг. Тэгэхдээ Панамын болон Суэцийн сувгаар дайрах тул цаг хэмнэдэг. Тэгвэл Келлигийн лонх дунджаар цагт 18 милийн хурдтайгаар өдөрт 425 миль газар хороож байжээ.
Келли Рид гурван жилийн өмнө Шотландын Абердурын эргээс лонх хаясныг хоёр жилийн дараа Голландын усчин олж авчээ.
Сүүлчийн тохиолдлын хувьд Шотландын мэргэжилтнүүдийн зарим нь эргэлзэж буйгаа нуусангүй. Абердиний загас хамгаалах станцад ажилладаг мэргэжилтнүүд дээрх хугацаанд лонх хүний тусламжгүйгээр Шинэ Зеланд хүрэх боломжгүй гэлээ.